20.7. Дискний төхөөрөмжүүдийг хаяглах нь

Системийг эхлүүлэх явцад FreeBSD цөм төхөөрөмжүүдийг олж төхөөрөмжийн цэгүүдийг үүсгэдэг. Төхөөрөмжүүдийг илрүүлэх энэ арга нь зарим нэг асуудлуудтай байдаг, жишээ нь шинэ дискний төхөөрөмж USB-ээр нэмэгдсэн бол яах вэ? Флэш төхөөрөмжид da0 гэсэн төхөөрөмжийн нэр өгөгдөж хуучин байсан da0 нь da1 болж өөрчлөгдөх болов уу. Энэ нь хэрэв файлын системүүд /etc/fstab-д жагсаагдсан бол тэдгээрийг холбоход асуудал гаргах бөгөөд бүр системийг ачаалахгүй байдалд хүргэж болох юм.

Энэ асуудлын нэг шийдэл нь SCSI карт руу нэмэгдсэн шинэ төхөөрөмжид төхөөрөмжийн ашиглагдаагүй дугаарууд өгөгдөхөөр болгож SCSI төхөөрөмжүүдийг гинжин цуваа болгох явдал юм. Гэхдээ анхдагч SCSI дискийг сольж болзошгүй USB төхөөрөмжүүдийн хувьд яах вэ? Яагаад гэвэл USB төхөөрөмжүүд нь ихэвчлэн SCSI картнуудаас өмнө шалгагддаг. Үүний нэг шийдэл нь эдгээр төхөөрөмжүүдийг системийг ачаалсны дараа залгах явдал юм. Өөр нэг арга нь зөвхөн ганц ATA хөтөч ашиглаж SCSI төхөөрөмжүүдийг /etc/fstab файлд хэзээ ч жагсаахгүй байх тийм шийдэл байж болох юм.

Илүү сайн шийдэл байдаг. glabel хэрэгсэл ашиглан администратор эсвэл хэрэглэгч өөрсдийн дискний төхөөрөмжүүдийг хаяглаж эдгээр хаяг/шошгонуудыг /etc/fstab файлд ашиглаж болох юм. glabel нь өгөгдсөн үзүүлэгчийн сүүлийн секторт хаяг/шошгыг хадгалдаг болохоор хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр байх болно. Энэ хаяг/шошгыг төхөөрөмж маягаар ашигласнаар ямар төхөөрөмжийн цэгээр дамжин хандаж байгаагаас үл хамааран файлын систем нь үргэлж холбогдох юм.

Тэмдэглэл: Хаяг/шошгыг байнгын болгохыг энд дурдсангүй. glabel хэрэгсэл нь түр зуурын болон байнгын хаяг/шошгыг үүсгэхэд ашиглагдаж болно. Зөвхөн байнгын хаяг/шошго нь дахин ачаалахад хэвээр үлдэх болно. Хаяг/шошгонуудын ялгаануудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг glabel(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.

20.7.1. Хаяг/шошгоны төрлүүд болон жишээнүүд

Ерөнхий ба файлын системийн гэсэн хоёр төрлийн хаяг/шошго байдаг. Хаяг, шошгонууд нь байнгын эсвэл түр зуурын байж болно. Байнгын хаягийг tunefs(8) эсвэл newfs(8) тушаалаар үүсгэж болно. Эдгээр хаяг/шошгонуудад тэдгээрийн файлын системийн төрөл дээр суурилсан нэр бүхий тусгай сан /dev сан дотор үүсгэгддэг. Жишээ нь UFS2 файлын системийн хаяг/шошгонууд /dev/ufs санд үүсгэгддэг. Байнгын хаягийг бас glabel label тушаалаар үүсгэж болдог. Эдгээр нь файлын системтэй хамааралгүй бөгөөд /dev/label санд үүсгэгдэх болно.

Түр зуурын хаяг/шошго нь дараагийн удаа ачаалахад арилдаг. Эдгээр хаяг/шошгонууд нь /dev/label санд үүсгэгдэх бөгөөд туршилтад сайн тохирсон байдаг. Түр зуурын хаягийг glabel create тушаалаар үүсгэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг glabel(8)-ийн гарын авлагын хуудаснаас уншина уу.

Өгөгдлийг устгалгүйгээр UFS2 файлын системийн хувьд байнгын хаяг/шошго үүсгэхийн тулд доор дурдсан тушаалуудыг ажиллуулна:

# tunefs -L home /dev/da3

Сануулга: Хэрэв файлын систем дүүрэн бол энэ нь өгөгдлийн эвдрэлд хүргэж болох юм; гэхдээ хэрэв файлын систем дүүрэн бол гол зорилго нь хуучирсан файлуудыг устгаж хаяг/шошгонуудыг нэмэхгүй байх явдал юм.

Хаяг/шошго одоо /dev/ufs санд үүссэн байх ёстой бөгөөд түүнийг /etc/fstab файлд нэмж болох юм:

/dev/ufs/home		/home            ufs     rw              2      2

Тэмдэглэл: tunefs-г ажиллуулахдаа файлын системийг холбох ёсгүй.

Одоо файлын системийг ердийнхөөрөө холбож болно:

# mount /home

Эндээс эхлэн ачаалах явцад /boot/loader.conf файлын тусламжтайгаар geom_label.ko цөмийн модуль дуудагдсан байхад эсвэл GEOM_LABEL цөмийн тохируулга байхад төхөөрөмжийн цэг системд ямар нэгэн буруу нөлөөлөлгүйгээр өөрчлөгдөж болох юм.

Файлын систем нь newfs тушаалд өгөгдсөн -L тугны тусламжтайгаар анхдагч хаяг/шошготой үүсгэгдэж бас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг newfs(8) гарын авлагын хуудаснаас үзнэ үү.

Доор дурдсан тушаалыг хаяг/шошгыг устгахдаа ашиглаж болно:

# glabel destroy home

Ачаалах дискийн хуваалтуудыг хэрхэн хаяглахыг дараах жишээ харуулж байна.

Жишээ 20-1. Ачаалах диск дээрх хуваалтуудыг хаяглах нь

Ачаалах диск дээрх хуваалтуудыг байнгын байдлаар хаягласнаар дискийг өөр хянагч руу эсвэл өөр систем рүү шилжүүлсэн ч гэсэн систем хэвийнээр ачаалж чаддаг болох юм. Энэ жишээний хувьд системээр ad0 гэж танигдсан ганц ATA диск хэрэглэгдэж байгаа болно. Бас /, /var, /usr ба /tmp файлын системүүд болон swap хуваалттай FreeBSD-ийн стандарт хуваалтын хэлбэрийг ашиглаж байгаа болно.

Системийн дахин ачаалж ганц хэрэглэгчийн горимд ачаалж орохын тулд loader(8) тушаал хүлээх мөрөнд 4 товчлуурыг дарна. Дараа нь дараах тушаалуудыг ажиллуулна:

# glabel label rootfs /dev/ad0s1a
GEOM_LABEL: Label for provider /dev/ad0s1a is label/rootfs
# glabel label var /dev/ad0s1d
GEOM_LABEL: Label for provider /dev/ad0s1d is label/var
# glabel label usr /dev/ad0s1f
GEOM_LABEL: Label for provider /dev/ad0s1f is label/usr
# glabel label tmp /dev/ad0s1e
GEOM_LABEL: Label for provider /dev/ad0s1e is label/tmp
# glabel label swap /dev/ad0s1b
GEOM_LABEL: Label for provider /dev/ad0s1b is label/swap
# exit

Систем нь олон хэрэглэгчийн ачаалах горимоор үргэлжлэх болно. Ачаалж дууссаны дараа /etc/fstab файлыг засварлаж ердийн төхөөрөмжийн нэрсийг тохирох хаягуудаар солиорой. Төгсгөлийн /etc/fstab файл доорхтой адил харагдах болно:

# Device                Mountpoint      FStype  Options         Dump    Pass#
/dev/label/swap         none            swap    sw              0       0
/dev/label/rootfs       /               ufs     rw              1       1
/dev/label/tmp          /tmp            ufs     rw              2       2
/dev/label/usr          /usr            ufs     rw              2       2
/dev/label/var          /var            ufs     rw              2       2

Системийг одоо дахин ачаалж болно. Хэрэв бүгд зөв болсон бол энэ нь хэвийн гарч ирэх бөгөөд mount тушаал дараахийг харуулах болно:

# mount
/dev/label/rootfs on / (ufs, local)
devfs on /dev (devfs, local)
/dev/label/tmp on /tmp (ufs, local, soft-updates)
/dev/label/usr on /usr (ufs, local, soft-updates)
/dev/label/var on /var (ufs, local, soft-updates)

FreeBSD 7.2-оос эхлэн glabel(8) ангилал UFS файлын системийн хувьд давхардахгүй файлын системийн id ufsid дээр тулгуурлан шинэ хаягийн төрлийг дэмждэг. Эдгээр хаягууд нь /dev/ufsid санд байрлах бөгөөд системийн эхлэх явцад автоматаар үүсдэг. Хуваалтуудыг /etc/fstab боломжийг ашиглан холбохын тулд ufsid хаягийг ашиглах боломжтой байдаг. Файлын системийн жагсаалт болон тэдгээр файл системийн харгалзах ufsid хаягуудыг авахын тулд glabel status тушаал ашиглана:

% glabel status
                  Name  Status  Components
ufsid/486b6fc38d330916     N/A  ad4s1d
ufsid/486b6fc16926168e     N/A  ad4s1f

Дээрхи жишээн дээр ad4s1d нь /var файлын системийг илэрхийлж байгаа бол ad4s1f нь /usr файлын системийг илэрхийлж байна. Үзүүлсэн ufsid утгуудыг ашиглан эдгээр хуваалтуудыг /etc/fstab дахь дараах оруулгуудын тусламжтайгаар холбож болох юм:

/dev/ufsid/486b6fc38d330916        /var        ufs        rw        2      2
/dev/ufsid/486b6fc16926168e        /usr        ufs        rw        2      2

ufsid хаягтай ямар ч хуваалтыг энэ аргаар холбож болох юм. Ингэснээр тэдгээрийн хувьд байнгын хаягийг үүсгэх шаардлагагүйгээс гадна төхөөрөмжийн нэрнээс үл хамаарах холболтын ашигтай талыг авсан хэвээр байх болно.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.